Бүсгүйчүүдтэй би зугаацаж л явлаа
Бүүр түүрхэн дурлаж, өдөж л явлаа тэднийг
Бүтэн сартай шөнө амрагтай болзож л явлаа, гэхдээ
Бүлээн зүрх минь цохилж яваа цагт
Эх оронтойгоо би зугаацахгүй
Бүсгүйчүүдийг би хаяж л явлаа, гэхдээ
Бүлээн салхи сэвэлзэн униар татах зунаа
Будаа тарианы түрүү хонгортон найгах намраа
Бөртийх үүлчгүй ч цас хялмаалан жавар тачигнах өвлөө
Бүүдийх алсад зэрэглээ сүүмэлзэх хавраа санан
Эх орноо би хаяагүй ээ
Бүсгүйчүүдэд би хаягдаж явлаа
Цээжээ дэлдэн, шаналан цохилох зүрхээ чагнаж л явлаа
Дэргэдэх хүүхнээ уургалан, хуучин амрагаа мартах гэж
Дэл сул үгийг толгой мэдэн холбож явахдаа
Дундуурхан сэтгэлд минь гуниг хурж, нэгэн бодол зурсхийсэнсэн
Зуурхан ч болтугай ийм зүйл болохыг би үнэхээр хүсэхгүй нь
Эх орондоо хаягдахыг би хүсээгүй
Үгүй ээ, энэ л миний хүсээгүй зүйл
Үйлийн лайгаа эдэлж, амьдралын эрхээр тэнэж явсан ч
Үхтэл орших төрөлх нутаг гэж их найрагчийн хэлсэнчлэн
Үүрд, гүнээ сэтгэлд хоногших энхрий Монгол орон минь
Үр нь болсон намайг битгий хаяасай гэсэндээ
Бурхнаас би анх удаа сөгдөн гуйсан
Амжилт алдаа минь энэ л нутагтаа үлдэж
Аз жаргалыг би Монголдоо эдлэхийг хүсдэг
Хүний нутаг хичнээн сайхан ч
Хаврын хавсарга, өвлийн жаврыг минь
Миний сэтгэлээс булааж чадахгүй
Ийм л учраас Монголдоо би хайртай,
Монголоороо байхыг би хүсдэг
0 comments:
Post a Comment