Friday, June 12, 2009

Хөлбөмбөгийн хамгийн үнэтэй тамирчин

Криштиан Роналдо: Португалийн шигшээ багийн нүүр царай, Английн "Пример лиг"-ийн аварга, өнгөрсөн улирал Европын шилдэг клубууд хүч үздэг "Аваргуудын лиг"-т багаа түрүүлхэд гол үүрэг гүйцэтгэсэн, 2008 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гээд түүний гуншин дуусахгүй.
Английн пример лигийн аварга Manchester United багийн хагас хамгаалагч тэрээр энэ өдрүүдэд Испаний Ла лигийн шилдэг баг, Эзэн хааны клуб гэгдэх Real Madrid-руу шилжихээр болж байх шиг байна. Роналдогийн хувьд өнгөрсөн жилээс л Real -руу очих нь гэсэн яриа чих дэлсэж байсан ч түүнийг Man U-гийн дасгалжуулагч А.Фергусон явуулаагүй
Real Madrid-ийн хувьд дэлхийн шилдэг тамирчдыг үнэ цохиж эгнээндээ элсүүлдгээрээ алдартай. Тэд 2001 онд Францын шигшээ багийн домог болсон тамирчин З.Зиданыг түүхэн дэх хамгийн өндөр үнээр худалдаж авч байсан бол хэдхэн хоногийн өмнө Бразилийн шигшээ багийн тамирчин, Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Италийн Милан клубийн тоглогч, хагас хамгаалагч Какаг 65,000,000(65 сая) еврогоор авахаар болоод байгаа билээ. Энэ нь Зиданы дараах түүхэнд хоёроор бичигдэж байгаа үнэ байсан.

Харин энэ удаа К.Роналдо 2001 онд Зиданы зарагдсан үнээс ч өндөр үнэ хүрлээ. Тэрээр Real -д 89,000,000(89 сая) еврогоор очихоор болж байх шиг байна. Энэ цагийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлолцож байгаа түүний хувьд хөлбөмбөгийн хамгийн үнэтэй тамирчин болох хувь бас байна шүү.
Гуйж биш гуядаж авах юмдаа.
Ингэснээр Real Бекхэм, Зидан, Фигу, Роналдо(Бразил),Раулын хослолоос хойш дахин дэлхийн шигшээ гэж хэлж болохоор боллоо.
Ирэх улирал бас үзүүштэй сонирхолтой болох бизээ.



Monday, June 8, 2009

ДАГУУЛАХДАА Л ДАГУУЛНА

Нэгэн найзынхаа дуртай шүлгийг нь тавьлаа. Хөөрхөн санагдаад........

Асгараад ч цутгана уу дуслаад ч чиг орно уу яавал чиг яаг
Аясыг нь дагаад нороод л буцна
Аашлаад хөөнө үү аргадаад сууна уу яавал чиг яаг
Амрагтаа би очихдоо л очно
Хөглөрөөд чиг унана уу хуйлраад л чиг хийснэ vv яавал чиг яаг
Хөл доороо би гишгэхдээ л гишгэнэ навчисыг
Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг
Учрахгvй байсан ч би зvvдэлж хононо амрагийг
Халираад ч одно уу бусгаад ч орхино уу яавал чиг яаг
Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хvлгийг
Харамлаад чиг нууна уу халшраад ч гуйна уу
Хvнийх байсан ч дагуулахдаа л дагуулна би амрагийг


Monday, June 1, 2009

Шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж байлаа

2009 оны 5 сарын 24-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд ялалт байгуулсан нь Ардчилсан намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж. Тэрээр шударга ёс, ардчилалыг тэргүүн зорилтоо болгон дэвшүүлж, өөрчлөлтийг хийнэ гэснээр сонгогдож чадсан болов уу.

Харин одоо нэгэн түүх сөхөн өгүүлье. 2007 оны 11сарын сүүл 12 сарын эхээр шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Ц.Элбэгдорж гуай Япон улсад айлчлан ирээд байлаа.
Японд суралцагч оюутан залуус, Япон дахь Монгол Оюутны Холбооноос зохиосон нэгэн арга хэмжээнд тэр хүрэлцэн ирсэн юм. Тэр үеийн дурсгал болж надад нэг гэрэл зураг үлдэж. Одоогоос нэгэн жил хагасын өмнө 2007 оны 12сарын 02-нд би түүнд Оюутны холбооны Япон хамтрагч, биднийг дэмждэг хүмүүсийг танилцуулж, ярианд нь орчуулга хийж байлаа. Тухайн үедээ түүнийг ерөнхийлөгч болно гэж зүүдлээ ч үгүй. Гэхдээ сэтгэлийн угтаа тэднийг УИХ-ын 2008 оны Сонгуульд ялалт байгуулаасай гэж бодож байсан.

Японы Гадаад хэргийн яамны урилгаар ирсэн энэхүү айлчлалынхаа үеэр Токио Гадаад хэлний их сургууль дээр лекц уншин Монгол, Япон оюутан, судлаач багш нарын асуултад хариулж байлаа.
Лекцийн төгсгөлд зохион байгуулагч Токио Гадаад хэлний их сургуулийн Монгол судлаач профессор багш, оюутнуудын зүгээс "2008 оны сонгуулиар ялалт байгуулж ерөнхий сайд болчихоод манай сургуулиар дахиад ирээрэй" гэсэн урилгыг авч байх шиг байсан.
Шинэ ерөнхийлөгч маань энэ хүсэлтийг нь биелүүлж чадаагүй, тэд сонгуульд ялагдсан.
Харин одоо ерөнхийлөгч болсон юм чинь Японд нэгэн өдөр айлчлан ирэх байх даа.

Saturday, May 30, 2009

GM дампуурвал яах вэ

АНУ-ын битгий хэл дэлхийн автомашин үйлдвэрлэлд асар их хувь нэмэр оруулсан, энэ үеийн машин үйлдвэрлэлийн хаан гэгдэх Женерал Моторс (хойшид GM ) корпарацийн үйл ажиллагаа доголдож дампуурлын ирмэгт ирээд байгаа.
Өнгөрсөн жилийн Лийман Бродерс санхүүгийн корпараци дампуурлаа зарласнаар дэлхий нийтэд ил болсон энэ хямралаар шил шилээ даран аварга компаниуд нуран унаж эхэлсэн. Ер нь хямрал гэдэг их хэмжээний зээлийг хөдөлгөж байдаг том компаниас эхлээд сөхрүүлдэг бололтой. Том компаниудын зээлийн тогтолцоо алдагдаад ирэхэд тэд доголдоно. Тэдний үйл ажиллагааны доголдолоос болж харьцдаг жижиг компаниуд нь ажлаа явуулж чадахгүй байдалд хүрч байна.
Яг л үүн шиг хэдэн жилийн өмнөөс л алдагдалтай ажиллаж эхэлсэн GM энэ удаа дампууралтай шууд нүүр тулгарч байна. Санхүүгийн болон даатгалын олон компаниуд энэ удаа GM-д тус болж чадахгүй өөрсдийгөө яах вэ гэж байгаа. Энэ үедGM-д засгийн газраас нь өөр тусламж хүсэх, гар сунгах газаргүй болов.
АНУ-ын засгийн газраас өмнө нь хоёр ч удаа мөнгө авч үйл ажиллагаагаа сэргээх гэж оролдсон ч бодсоноор нь болохгүй байгаа бололтой. Бушийн болон Обама засгийн газар нэг нэг удаа мөнгө олгож дампуурлаас гаргах гэж оролдож байв. Гэвч энэ нь хүслээр болсонгүй. Одоо гуравдахь удаагаа Засгийн газраас мөнгө гаргахаар ярьж байна.
GM нь 1908 онд байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн топ болтлоо өргөжин тэлж нэгэн зууныг үдэхдээ 260 гаруй мянган ажилчин, албан хаагчдыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг вант улс болоод байсан. Тэд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа бизнесийн од нь гийж Форд-ыг гүйцэж түрүүлэн автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болж чадсан.
Энэ аварга компанид бидний сайн мэдэх, мөрөөдлийн машин гэж хэлж болох Кадиллак(Cadillac), Бьюик(Buick), Шевролет(Chevrolet),GMC, Жи Эм Дэу(GM Daewoo), Холден(Holden), Хаммер(Hummer), Опель(Opel) зэрэг маркийн автомашинууд үйлдвэрлэгддэг. Манайд Хаммер, Опель нь элбэг орж ирсэн харагддаг. Нэгэн жилийн хугацаанд эдгээр машиныг нийт найман сая ширхэг үйлдвэрлэн борлуулдаг болоод байсан. Одоо бол тэр түүх болон үлдэх болж.
За тэгээд энэ олон янзын машиныг үйлдэрвэхийн тулд бас машины эд анги, тоног төхөөрөмж нийлүүлдэг маш олон үйлдвэртэй хамтран ажиллах ба тэдгээр нь АНУ-аас гадна бусад улс орны салбаруудтай нь хамтран ажилдаг тухайн улс, орон нутгийн үйлдвэрүүд байдаг.
Нэгэн жишээ гэхэд GM нь Японы нийт 102 компанитай хамтран ажилдаг бөгөөд тэдгээрээс дурьдвал Исүзү моторс, Сүзүки, Брижстон зэрэг ланжгар компаниуд байхаас гадна жижиг тоног төхөөрөмж, машины эд анги ниилүүлдэг компаниуд байна.
Хэрэв GM дампуурлаа хүлээн зөвшөөрч, зарлавал энэ мэтчилэн дэлхийн олон улс орон дахь тэдний хамтран ажиллагч пүүс, компаниуд нь нийлүүлсэн эд ангийнхаа төлбөрийг эргүүлэн авч чадахгүйд хүрнэ. GM нь одоогоор эд анги нийлүүлэгч үйлдвэрүүдэд төлөх өр нь 25,5тэрбум доллор болоод байгаа. Монгол улсын бараг л 25 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. АНУ-ын Засгийн газар Крайлер болон GM-ыг дахин хөл дээр нь зогсоохын тулд нэлээд чармайж байгаа бөгөөд, тэдний эд анги нийлүүлэгч компаниудад төлөх өрийг нь дарж өгөхөөр хэлэлцэж байгаа ч тэнд яригдаж байгаа мөнгөний хэмжээ 5 тэрбум доллар. Энэ хэмжээний мөнгө GM-ийн өрний зөвхөн барагцаалбал тавны нэгтэй л тэнцэж байна. Тэхээр энэ мөнгөөр Крайслер, GM хоёрын өрийг дарж эд анги нийлүүлдэг компаниудыг баярлуулна гэдэг бол худлаа сонсогдож байгаа юм. Гэхдээ л АНУ Засгийн газар "Холбооны дампуурлын тухай хууль"-ийн 11дүгээр заалтын дагуу ажиллан бүх арга хэмжээг авахаар ярилцаж байна.

Энэ удаа Засгийн газрын хөрөнгө оруулах саналыг хүлээн авбал GM-ийн бүх хувьцааны 72.3%-ийг АНУ-ын болон Канадын засгийн газар хувааж (Канад 12%) эзэмшихээр болж байгаа бөгөөд, үйлдвэрчний эвлэл нь 25.3%, үлдсэн 2.2%-ийг нь компанийн удирдлагууд эзэмшихээр тохиролцож байгаа бололтой. Үндсэндээ GM нь улсын өмчийн үйлдвэр боллоо гэсэн үг.
Мөн жилд 8 сая ширхэг машин борлуулж байсан бол түүнийг бараг хоёр дахин бууруулж жилд 4-5сая ширхэгийг борлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Энэ маягаар явбал GM дахин сэргэхдээ улсын үйлдвэр болж төрөх нь.
Харин эд анги нийлүүлсэн төлбөрөө авч чадахгүйд хүрч байгаа пүүс, компаниудын хувьд ихээхэн хүнд байдалд орно. Эд ангиа нийлүүлдэг байсан хамтрагч нь сөхөрснөөр жижиг компаниуд дахин худалдан авагч хайна. Гэтэл хямралаас болж зах зээл дээрх худалдан авах чадвар буурч машин зарагдахгүй байгаа энэ үед бүх л компани үйлдэрлэлийн тоо хэмжээгээ багасгаж байна. Тэд дахин эд анги нийлүүлэгчидтэй нэмж гэрээ хийхгүй нь ойлгомжтой. Энэ үзэгдэл японы автомашины зах зээлд ихээхэн нөлөөлөөд зогсохгүй цаашлаад иргэдийн аж амьдрал хэрэглээний эдийн засагт шууд нөлөөгөө үзүүлж байна.
Мөнгөгүй, нийлүүлэх газаргүй болсон жижиг дунд үйлдвэрүүд мөнгөний эргэлтгүй болж доголдоно.
Үүнээс үүдээд ажилгүйдэл нэмэгдэх гэх мэтээр сөрөг үр дагаварууд гарч байгаа бөгөөд хэдий хүрч, хаана хямрал зогсоод хэзээ энэ компаниудын ажил сэргэж, ажлын байр шинээр бий болох бол. Таашгүй.

Friday, May 29, 2009

Цагийн ажил

Гадаадад сурч байгаа оюутнууд ажил амьдралаа залгуулахын тулд "Цагийн ажил" хийх нь элбэг. Цагийн ажил гэдэг нь хичээлийн бус цагаар, өөрийн боломжтой үедээ хийж болох ажлыг хэлнэ.
Манай оюутан залуус тэр бүр мөнгө төгрөгөөр хангагдсан байдаггүй. Тийм боломжтой гэр бүл ч харьцангуй цөөхөн. Иймээс хичээлээс гадуурх чөлөөт цагаараа ажил хийх нь жирийн үзэгдэл, бүр байх ёстой, хийх ёстой зүйл нь байдаг.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын хувьд мөнгөөр гачигдах нь харьцангүй гайгүй байх талтай.
Тиймд энэ удаа Японд цагийн ажил хайхдаа юуг анхаарах хэрэгтэй болох, энэ процесыг ямар дараалалаар хийвэл зохих талаар санамж бичье гэж бодлоо.
Ерөнхийдөө таван үе шаттай.
Японд үнэгүй тараагддаг Townwork, Domo зэрэг сэтгүүл болон http://baito.mynavi.jp зэрэг сайтуудаар орж ажлын талаарх мэдээллийг олж авч болдог.
1. Өөрийн хиймээр байгаа ажлыг хайх. Үүнд ямар нөхцөлд?, Хаана байрлалтай?, цалин хөлс? гэх мэт хэд хэдэн асуултыг өөртөө тавьж ажлын сонголтоо хийх.
Тэгээд тухайн ажлын зарын нөхцөлтэй танилцаж өөртөө тохирсон ажил, компани зэргийг сонгох
2. Дараагийн алхам бол сонгосон ажлын газарлуугаа утасдах. Утсаар ярих нь ажилд орох нэг чухал алхам болдог. Иймд ярихдаа чимээ аниргүй газар, тод дуугаар, харилцагч этгээдээ хүндэтгэн ярих хэрэгтэй байдаг.
Ингэхдээ хаанаас ажлын байрны талаарх мэдээлэл авсан болохоо хэлээд өөрийнхөө нэрийг хэлэх. Дараа нь тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтантай холбож өгөхийг хүсэх.
Утсаар ярихдаа Япон хэл дээр хүндэтгэлийн хэллэг ашиглан ярьвал хамгийн зүгээр.
3. Ажлын маягт бөглөх.
Хүнсний дэлгүүрүүд болон жижиг 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд ажилд орохдоо бөглөдөг маягт болох"Рирэкишо"-г зарж байдаг.
За тэгээд нэг тийм хуудас цаастай болчихвол түүн дээрээ өөрийн боловсрол эзэмшсэн байдлаас эхлэн хийх ажилтайгаа холбогдуулан өөрийгөө рекламдах хэрэгтэй болох. Гаргацтай зөв бичиж, зургаа наагаад бэлэн болгох.
4. Дараагийн алхам бол "Ярилцлагын шалгалт" өгөхөөр очих. Эхлээд өгч байгаа хүмүүс өөрийн эрхгүй сандрах нь бий. Үүнээсээ болоод буруу зөрүү ярьчих гээд байдаг тал бий. Хэдийгээр гадаад хүмүүс тухайн орны хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй ч гэсэн илэрхий алдаа гаргавал ажилд орж чадахгүй л гэсэн үг.
Тиймээс юу ярих талаар, ямар асуулт өөрт чинь тавьж болох талаар бодож хариулт бэлдсэн байх нь чухал. Гэхдээ олон удаа яваад ирэхээр, мөн хэлээ сайн сурчихсан бол сандраад, зовоод байх явдалгүй.
5. Талархалаа илэрхийлэх
Эцсийн дамжлага бол чамайг ажилд авсан гэсэн мэдээ ирэх. Утсаар юм уу эсвэл бичгээр ирнэ. Ажилд авна гэсний хариуд утасдаад баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Хэрэв чи ажилд тэнцээгүй бол чамруу ихэнхдээ холбоо барихгүй байх талтай. Үүнийг ярилцлагын үед хэлсэн байдаг. Хэрэв та манай ажилд тэнцвэл тэдний өдөр тэдэн цагийн үед танруу залгана гэх мэтээр урьдчилан хэлдэг бөгөөд танруу бид эргэж холбогдоогүй тохиолдолд та тэнцээгүй гэж ойлгоорой гэж хүсдэг. Ихэнх тохиолдолд ийм байдаг.
За тэгээд та ажилдаа тэнцсэн бол ажлын эхний өдрөө, хэдэн цаг ажиллахаа, мөн яаж ажилдаа явж очих зэргээ нягтлан шалгаад, бэлтгэлээ ханган ажлын өдрөө хүлээх л үлдэх шив.
Сануулахад илүүдэхгүй нэг зүйл бол япончууд ажлаас хоцрох, шалтгаангүйгээр ажил таслахыг нэг нүдээрээ үзэхгүй.
Хэдийгээр энэ таван дамжлагыг дамжин ажилд орох нь элбэг ч гэсэн танил талаараа зуучлуулаад ажиллах боломж бас бий. Монгол оюутнууд бие биедээ ажил танилцуулах, найз нөхдөө зуучлан хоорондоо холбоотой, амь нэгтэй амьдрах нь олонтаа.
Олон жил болсон хүмүүс энэ тал дээр нэлээд туршлагатай байдаг. Мөн багш нар болон сайн таньдаг япон хүмүүсээрээ ажил зуучлуулах тал бий.
Миний бичсэн энэхүү зөвлөгөө хэзээ хэнд хэрэг болохыг мэдэхгүй ч, юутай ч танд амжилт хүсье.



Friday, May 22, 2009

Гадаадад байгаа монголчууд Ц.Элбэгдоржийг дэмжиж байна

Гадаадад суралцаж амьдарч байгаа залуус маань үргэлж эх оронтойгоо сэтгэл нь холбоотой байдаг. Монголын зүгээс нэг сайхан мэдээ ирэхэд нүдэндээ нулимс хуруулан суух ба нэг муу мэдээ соснохоороо сэтгэл зүрх маань эмтрэн байдаг.
Хөөрхийлөлттэй нь гадаадад байгаа Монголчууд бид Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж чаддаггүй. Үгүйдээ л ерөнхийлөгчийн сонгуульд санал өгмөөр байдаг ч тийм боломж бидэнд олдохгүй л байна.
Гэлээ ч гэсэн эх оронд маань болж байгаа сонгууль бидний анхаарлын төвд байсаар байгаа.
Ингээд хэсэг нөхдийнхөө хийсэн нэгэн бичлэгийг оруулж, тэднийхээ дуу хоолойд хүч түрэн уухайлая гэж бодлоо.



Энэ бол Токио, Лондон, Вашингтон, Сан Франциско хотуудад амьдарч байгаа найз нөхдийн маань уриа юм.
Тэд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихийг уриалсан байна.
Хурай, хурай, хурай..............Үйлс бат оршиг!!!

Friday, May 15, 2009

Сонгуулийн талаар эргэцүүлэл

Сая 4 сард би Монгол яваад ирсэн.
Яг сонгууль зарлагдаад, нэр дэвшигчид ид сурталчилгаагаа эхэлж байх үетэй давхцсан амралт байлаа.
Манайхан ч талцдагаараа талцаж, хэн нь хэн бэ гэдгийг мэддэг хэрнээ хэн нэгнийг нь дээр гаргаж, нөгөөг нь муулахаар хэл амаа билүүдэцгээж байх шиг.
За тэгээд сонгуулийн сурталчилгааны явцыг хөндлөнгөөс харж байгаа надад бодогдсон хэд хэдэн зүйл байлаа. Угаас гадаадад байдаг нэрээр сонгууль өгөх эрхээ хасуулсан хүн юм чинь хөдлөнгөөс харж үнэлэлт дүгнэлт хийж явлаа.
Нэр дэвшигчдийн хэлж ярьж байгаа үйл. Урьд өмнө хийж гүйцэтгэж байсан ажлууд, нийгмийн аль давхарга, хот хөдөөрүү чиглэсэн алхам, тэдэнд илгээсэн, илгээж буй мессэжүүд нь энэ удаа хүмүүсийн анхаарлыг нэлээд татаж байх шиг байна.
Урьд нь хэн урлагийнханд мөнгө хаяж, үнэгүй шоу хийж чадна, тэр хүнд төдий чинээ хүмүүс иргэд тал засдаг байлаа шүү дээ. Гэхдээ одоо тэр цаг холдон, түүх болсон бололтой.
Урлагийнхан ч мөнгө саадаг улирлын чанартай нэг ажил нь байхгүй болсонд харамсаж байх шиг.

Сонгуулийн сурталчилгааны нээлт:
Н.Энхбаяр(Одоогийн ерөнхийлөгч, МАХН-аас нэр дэвшигч)
Би олон зүйл хийж амжуулсан, иймээс намайг бүгд дэмжиж байна гэж харуулах гэсэн юм уу Соёлын Төв Өргөөнд хийсэн нээлтэн дээрээ Монгол Улсын Урлагийн ахмад зүтгэлтнүүд, акулууд болох Ардын жүжигчин Хайдав, Долгор, Дамчаа.........., Монгол Улсын Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Түвшинбаяр, Бадар-Ууган гээд нийгмийн альч салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр дэмжигчдээ бүрдүүлж сүр дуулиантайхан авч байв.
Ц.Элбэгдорж(Ардчилсан Нам-аас нэр дэвшигч)
Чингис хаан, Сүхбаатар жанжны хөшөөнд мөргөж Нийслэлийн намын байраараа очоод , дараа нь Эрх Чөлөөний талбайд очив. Түүнийг харин нэлээд олон хүн талбай дээр угтаж авч, амжилт хүсэх шиг болсон. Тэгээд уулзалт хийх маягаар даруухан эхлэв.

За тэгээд хоёр талын хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзаж байх нь телевизээр мэдээ болон гарч л байлаа.
Хэлж ярьж буй байдал: Энхбаярын хувьд Монголын их өр гээчийг тэглүүлснээ ярьж явна. Мөн ашигт малтмалын орлогоос иргэдэд өгөх гэсэн сонгуулийн амлалт болох 1,5сая төгрөгийг өгүүлэх болно. Цаашлаад төрийн их сургуулиудын сургалтын төлбөрийг байхгүй болгоно гээд гоё юм ярьж байсан.
Мэдээж энэ нь хөдөө орон нутгийн иргэдээс хүчтэй дэмжлэг авч байгаа. Манайхан яг ямар аргаар яаж тэр хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож(Эдийн засгийн хямралаас болоод Улсын Их хурал, Засгийн газар нь өгөх боломжгүй, төсөвгүй гэж байхад) ямар арга замаар тараахыг нь асууж барих биш. Өгнө гэнгүүт нь шууд өнөөдөр гар дээр нь тавиад өгөх юм шиг бэлэн сэтгэж, хүлээж байх шиг.
Нөгөө талаар сургалтын төлбөрийг хөнгөлнө гэдэг хоосон ходоодтой хонох шахдаг нийгмийн дунд болон доод давхаргын хүмүүст үнэхээр сайхан сонсогдож байгаа.
Гэтэл ингэснээр ямар үр дагаварт хүргэж болохыг иргэд боддог эсэх нь эргэлзээтэй, За даа бараг байхгүй биз.
Миний бодлоор төрийн эзэмшлийн их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тэглэснээр хувийн хэвшлийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Энэ нь ерөнхийлөгч нь иргэдийнхээ эв нэгдлийг сахин, хамгаалах үүрэгтэй гэсэн Монгол улсын үндсэн хуулийн заалтыг шууд зөрчих мэт.
Бас нөгөөтэйгүүр улсын их дээд сургуулиудад үнэгүй сурах гэсэн сурагчид, оюутнуудын тоо олширч нөгөө авилга маань дээд зэрэгтээ хүрэх бий.
Одоогоос 2 жилийн өмнө нэгэн танилын маань хүүхэд МУИС-ын Эдийн засгийн ангийг 3сая төгрөгөөр хахуульдаж авснаа ярьж байсан.
Энэ бол их дээд сургуулиудын төлбөр хувь хувьсгал ялгаагүй байхад тохиолдож байгаа авилгалын нэгэн жишээ. Гэтэл нэг тал нь төлбөргүй, дээр нь нэр хүндтэй байгаа тохиолдолд тийшээ хошуурагчид олширно. Бүгд л үнэгүй юманд нугасгүй шүү дээ. Тэгвэл нөгөө 3 сая хүрч байсан хуваарь маань хэд болох болоо? Төсөөлөшгүй.
Ийм маягаар Монголд маань авилга нуур байсан бол далай болох нь. Далайд сэлүүргүй завь төөрдөг шүү дээ. Бид яг л тийм байдалд орох байх.
Герман зэрэг баян оронд их дээд боловсрол үнэгүй байдаг гэсэн. Харин манайх буурай, хөгжих гэж явж байгаа орон байж "Галуу хэрээг дууриаж хөлөө хөлдөөнө" гэдэг шиг юм болж ч магад. Учир нь энэ жил гэхэд төсвийн байгууллагуудын төсвийг таначаад байгаа. Эрүүл мэндийн салбар 20 хувь, Спорт 27,5 хувь, Боловсол бас 20 орчим хувь гээд танагдчихаад байдаг. Энэ хямрал хэдий үргэлжлэхийг хэнч мэдэхгүй байдаг. Ийм байхад сургалтын төлбөрийг нь байхгүй болгосон их дээд сургуулиудад төрөөс төсөв хуваарилж чадахгүй.
Энэ мэт нөхцөл байдлыг харгалзан үзвэл манайд төрийн эзэмшлийн их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг байхгүй болгоно гэдэг нь үлгэр болж байна. Ерөнхийлөгч маань үүнийг бодоогүй биш хэнээс ч илүү мэдэж байгаа байх.
Гэхдээ сонгогдохын тулд иргэдийнхээ сэтгэл зүйгээр тоглохыг тэр юман чинээ бодсонгүй юу даа. Магадгүй энэ удаас сонгогдчихвол 4 жилийн дараа Н.Энхбаяр би дэвших эрхгүй юм чинь юу ч гэж хэлээд, ямарч хамаагүй аргаар сонгогдоё гэж бодоод байгаа юм болов уу?
Тэрээр нээрээ сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараахан Монголын компаниудын захирал, бизнесийнхнийг хүлээн авч уулзсан. Тэгэхдээ тэрхүү уулзалт, хүлээн авалтад оролцсон компаниуд нэг сая төгрөгийн такс төлсөн гэж байгаа. Ерөнхийлөгчийн нэр хүндээ ашиглаад тэр хийж чаджээ. Японд байсан бол Компаниудаас дэмжлэг, хандив авч болохгүй хуультай болохоор шууд л элдэв асуудал болоод, Энхбаяр толгойгоо цустах байлаа. Аз болж Монголын хуульд тийм юмыг хориглодгүй юм шиг байна.

Өрсөлдөгч нь ийм байдлаар иргэдийнхээ эмзэг сэтгэлийн утсан дээр эдийн засгийн аргаар тоглолт хийж гарах гээд зүтгэж байна.
Харин Элбэгдорж "Боловсрол бол үнэ цэнэтэй байх ёстой. Үнэ цэнэтэй боловсрол эзэмших хүн түүнд тохирохуйц мэдлэг боловсролтой болж чадна" гээд ярьж явна. Түүний үг түмэнд хүрч байгаа болов уу?
Хүмүүн гэдэг ихэвчлэн маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үздэг бололтой.
Ц.Элбэгдорж миний бодлоор хэдий зөв үг, хэлж байдлыг ухамсарлаж, зөв дүгнэлт хийж байгаа боловч, ингэж бодож байгаа хүн хэдий хэр байгаа бол?
Эсвэл их дээд сургуулийн насны хүүхэдгүй би бодит амьдралаас хэт тасарчаад иингэж яриад байгаа юм болов уу?
Юутай ч Элбэгдорж боловсролыг үнэлж байх хэрэгтэй гэж ярьж явна.
Тэрээр ардчилсан, шударга ёсны талд зогсогч ерөнхийлөгч байхаар шийдсэн байна. Үүнийг тэр хийж чадах л байх.
Монгол Улсын ерөнхий сайдаар хоёрантаа сонгогдож, 2004оноос хоёр жил ерөнхий сайд байхдаа авилгатай тодорхой хэмжээгээр тэмцэх гэж оролдож байсан. Хэдийгээр хоёр удаа ерөнхий сайд болж байсан аз түүнд байвч тухай бүр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй огцорч байсан нэн азгүй эр. Тэр улс төрийн тавцанд ганцаарддаг ажээ.
Эсвэл "Ноёнтой өстэй хүн толгойгүй, нохойтой өстэй хүн хонгогүй " гэдгийн үлгэрээр бүлэг хүмүүсийн эрх ашгийг хөндөөд, түүндээ явчихдаг байх. Угаас улс төрийг бохир гэдэг биз.
Элбэгээгийн хувьд сонгуульд ялна гэдэг тун бэрх байх.
Юутай ч мэдээлэлээр тэгш хангагдаж, хүмүүс наад цаадахыг бодох боломжтой байдаг Улаанбаатар хот түүний нэгэн стратегийн бүс болох байх.
Сонгуульд ялалт байгуулахын тулд тэрээр нийслэлд үнэмлэхүй ялалт авахгүй бол хэцүү. Тэгээд цаашлаад ардчилсан хувьсгал гарахаас дэмжиж, тэдний талд зогсож байдаг Хөвсгөл, Сэлэнгэ аймаг болон өөрийн унаган нутаг Ховд аймагтаа гарцаагүй ялах хэрэгтэй.
Мөн цаашлаад бас ардчилалыг дэмжээд байдаг хэд хэдэн аймаг, баруун бүсдээ сурталчилгаагаа сайн хийж, хүмүүст хүргэх хэрэгтэй байх.
Н.Энхбаярын хувьд гарна гэвэл ч маш олон арга бий л дээ.
Бизнесийхэн араа бодоод өөр намыг дэмждэг байсан ч ерөнхийлөгчийн хүлээн авалтанд хэн нэгнийг төлөөлөл болгон явуулж түүний хэтэвчийг зузаатган, сонгуулийн сурталчилгаанд нь хандив өргөн тал засах.
Мөнгө хөрөнгө зузаантай ерөнхийлөгч маань хуучин аргаа хэрэглэнэ, Хөдөө орон нутаг дахь нэр хүндээ ашиглана.
Ингээл барианд ороход хүүхдээ бусгачихгүй л бол Намбарын хүүгийн морь торойгоод ороод ирэхэд байг гэх газаргүй.
Энэ удаагийн сонгуулиар нэг авууштай нь Сонгуулийн Ерөнхий хорооны дэргэд анх удаа хэвлэл мэдээллийнхэнд хяналт тавих, хоёр нэр дэвшигчийн сурталчилгааг адил түвшинд гаргаж, нийтэлж байхыг сануулах Хэвлэл мэдээлийн хяналт тавих нэгэн алба байгуулагдах шиг болсон. Хоёр намын сурталчилгаа, хэвлэл мэдээлэл хариуцсан менежерүүд болон олон нийтийн телевиз, радио, сониноос төлөөлөгчдөөс тэр албыг бүрдүүлж байх шиг байсан.